“СОСНОВАЯ ЛИНИЯ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Монгол дахь хүндэт төлөөлөгчийн хэвлэлийн алба

7/8/20261 мин унших

“СОСНОВАЯ ЛИНИЯ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

   Оросын холбооны улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Монгол Улс дахь хүндэт төлөөлөгч Валерий Александрович Кисловын урилгаар Хабаровск хотод төвтэй “Сосновая Линия” ХХК-ийн ерөнхий захирал Константин Анатольевич Михеев 2026 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ.

   2009 оны 2 дугаар сард байгуулагдсан "Сосновая Линия" ХХК нь Иркутск мужийн хойд хэсэгт орших Усть-Илимск хотод өөрийн боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг ажиллуулдаг. Тус компани нь мод, үртэсээр шахмал түлш үйлдвэрлэж, борлуулдаг. Түүхий эд болгон өндөр чанартай Ангара нарс ашигладаг. Бүтээгдэхүүнийхээ ихэнхийг Япон, Өмнөд Солонгос, Хятадын зах зээлд экспортолдог. Тэдгээрийг өндөр технологийн тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэдэг чанарын стандартыг баримталдаг туршлагатай компани ажээ.

   Тус компанийн ерөнхий захирал Михеев Монгол Улсад анх удаа айлчилж байгаа бөгөөд зах зээлийн судалгаа хийх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох зорилготой ирсэн юм.

   Тэрээр Цайз компанийн модон бүтээгдэхүүний захын үйл ажиллагаатай танилцаж нийлүүлэлт, үнэ өртөг, борлуулалтын хэмжээг асууж сонирхов. Дараа нь Барилгын зураг төсөл, угсралт, халаалтын үйл ажиллагаа явуулдаг “Кон инженерс” ХХК-нд зочилж тус компанийн барилга угсралтын ажиллагаатай танилцсан. Компанийн гүйцэтгэх захирал О.Хосбаяр материалаа дотоодын зах зээлээс авч байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар сард дундажаар 10 орчим сууц угсарч борлуулалт хийдэг гэж ярилаа.

   Дараа нь Улаанбаатар хотын баруун захад орших Эмээлт тосгонд бууриа засаж буй Олон улсын худалдаа логистикийн төвд дөрөө мултлав. Улаанбаатар хотын төвөөс 28 км зайтай оршдог, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын дагуу байрлалтай, салаа зам, ачаа буулгах гүүрэн крантай, худалдааны төв, агуулах, гаалийн үйлчилгээний байр, автомашины гарааж бүхий Худалдаа логистикийн томоохон төв болно гэдгийг Валерий Кислов, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн зөвлөх Анатолий нар зочинд танилцуулав.

   Талууд харилцан санал солилцсоны зэрэгцээ “Сосновая Линия” ХХК-ийн ерөнхий захирал Константин Михеев Худалдаа логистикийн энэ төвд өөрийн компанийн байр, модон бүтээгдэхүүн, үртэсийн шахмал түлш хадгалах агуулахтай болох боломжийг судалж үзэхээ илэрхийлж байлаа.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Монгол дахь хүндэт төлөөлөгчийн хэвлэлийн алба

Холбоо барих мэдээлэл

Манай хаяг

Утас

mail@tpprf.mn

+976 9565 9902

© 2026. Бүх эрх хуулиар хамгаалагдсан

13333, Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хэсэг, Энхтайвны өргөн чөлөө 91/1

Email